2008-01-09

Тиймээ Монголоороо бахархах, омогших хэрэгтэй шүү залуусаа

Нэг хөрвүүлэгч хайж яваад андууд.нэт-рүү орчихлоо.Гэтэл харин дажгүй юм бичжээ. Эх орноороо, эгэлгүй буурал түүхээрээ, омогшиж бахархаж явдаг нэгэн тэгээд гадаад явах дургүй эх орондоо хайртай нэгэн болхоороо надад сайхан санагдлаа. Тэгээд та бүхнийг ороод уншигтун гэж хэлэх байна. Эх нь www.anduud.net -д байгаашдээ хө. Миний эх орон сайхан, нүд алдам цэлгэр талтай, нүүдлийн шувууд нууранд хоргодон үлддэг энэ л нутагт төрж өсөж ажиллаж амьдарч байгаараа би бахархдаг.
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Нэг. Монголчууд бид, цагтаа дэлхийн талыг эзэгнэж явсан өвөг дээдэстэй
''Монголчууд гэж хэн юм бэ?'' гэж асуусан асуултанд нь зохиолч С. Жаргалсайхан, эрдэмтэн Удвал нар ''Чингис хааны нууц түүх'' хэмэээх зохиолоороо дэлхий дахинд, ''Монголчууд дэлхийн талыг эзэгнэж, дэлхийн нэгдсэн улсыг байгуулж явсан агуу их хаадын үр удам'' гэж хариуллаа. Нэгэн зарлигийн дор нэгтгэн байгуулж, бас хөгжүүлэн өгсөн Бат, Хубилай хаадын их гүрнээс өнөөгийн зууны хүчирхэг том гүрэн, Хятад, Орос улс үүссэнийг ч, дэлхийн түүх ч, тэдний дунд орших Монгол улс ч мартаагүй. Тиймдээ ч бидний өвөг, эзэн Чингис хааныг энэ дэлхийн ''Мянганы хүн''-ээр тодруулж хүлээн зөвшөөрсөн бус уу.
Чухамдаа өөр хэнийг ч бус, зөвхөн бидний Монголын Чингис хааныг энэ мянганд ч шилдэгийн шилдэг агуу хүн гэж зөвшөөрөн ахуйд бид юунд толгой гудайх билээ. Чингисийн алтан ураг болох Зүчи, Цагаадай, Бат, Хубилай, Мөнх, Гүег, Төмөр, Батмөнх гэхчилэн агуу хаад, Мандухай цэцэн хатан, Чин ван Ханддорж, Сайн Ноён хан Намнансүрэн нарын үр удам нь билээ бид. Толгой дээгүүр, цээж тэнэгэр байгтун.

Хоёр. Монголчууд бид хил хязгаартай, өөрсдийн газар нутагтай
Мандан бадарч, бууран доройтож асан, буурал түүхийн амаргүй нугачаанд, цаг хугацааг элээн элж, Хятад, Орос хэмээх аварга 2 гүрний дунд, 1 сая 500 мянган хавтгай дөрвөлжин нутагтай, Монгол хүн бүр ''унасан газар, угаасан ус минь'' хэмээн өмчлөх ''эх оронтой'' улсаа бид, Гимилайн уулсын хэцүү бэрх орчилд хавчигнан амьдрах Түвд, Алдарт Саяны уулсын бэлд сүүрс алдан амьдрах Тувачуудын хувь заяаны дэргэд, дэлхийн Монголчуудын гэрэл гэгээ, итгэл найдварын төв нь болсон тусгаар Монгол нутагтай бид. Хятад, Орос их гүрний алинд ч уусгачихалгүй, алга дарам газрынх нь төлөө цус, хөлс, ухаанаа шавхан ирсэн өвөг дээдсийнхээ сүнсэнд нь ч залбирмуу. Халуун хүйтэн ч гэлээ говь, хангай, хээр хосолсон үзэсгэлэнт нутагтай, хатуу ширүүн ч гэлээ өвөл, хавар, зун, намар ээлжлэх 4 улиралтай Монгол орон минь байгаа цагт, унасан газар, угаасан усаа, зүрх сэтгэл, зүүд нойрондоо хайрлан дурсах, Монголчууд бид ''эх оронтой'' хүмүүсээ. Омог бардам байгтун.

Гурав. Монголчууд бид өөрсдийн хэл, соёл, ёс заншилтай
Босоо, хэвтээ хоёр бичигтэй, бодлоо билчээж, үгээ цэцэлж ярьдаг монгол хэлтэй, хорвоогоос тасарч, наранд хүрдэг уртын дуутай, хоёрхон чавхдасаар адуу янцгаалгаж, айраг үнэртүүлж, морин хууртай, орсон гарсанд цай идээгээ дээжлэн барьж, ойчож унахад нь, түшиж босгодог монгол заншилтай билээ бид. Таних танихгүй ч бай, ирсэн гийчинд хаалгаа дэлгэн угтаж, хоймортоо залан суулгаж, цай идээгээ дээжлэн барьж хүндэлдэг заншил Монголоос минь өөр хаана бий билээ. Мэндлэхдээ хүртэл цэгцлэн ярьж, ярихдаа хүртэл бодлоо шингээж, худал хуурмаггүй инээж, өрөвдөж чаддаг хүмүүс, Монголоос минь өөр бий билүү? Монгол хэл байсаар байгаа нь, Монголоор ярьдаг бичдэг хүмүүс байсаар байгаа нь тусгаар Монгол улсын минь бэлэг тэмдэг бус уу. Үг нь цэцэн, ухаан хурц байгтун.

Дөрөв. Монголчууд бид, ээж аавдаа элбэрэлтэй, үр хүүхдүүддээ ачлалтай
Алс газар одохдоо аав ээждээ очиж, сургааль үгсийг нь сонсон, хацраа үнсүүлж, алс газраас буцаж очихдоо санаж үгүйлсэн сэтгэлээ бэлэг сэлттэйгээ авч очдог монголчууд бид ''элгэмсэг'' сэтгэлтэй хүмүүс. Нас өндөр болсон хойно нь ч ''асрамжийн газар'' аваачаад орхичихдоггүй, асарч халамжилж ачладаг, тэр л сэтгэлээ өөрийнхөө үр хүүхдүүддээ өвлүүлдэг болохоор Монголчууд бид элбэрэл, ачлалтай ард түмэн. Хүүхдийнхээ хүүхдийг нь харж өсгөхөд нь туслах гэж алс холоос бүхнээ орхиод ирэх ''эх''-ийн сэтгэлийг хэн ч юугаар ч хэмжиж болно гэж үү. ''Хоцрогдсон'', ''зууралдсан'' гэх хатуу үг бүү хэл. Монгол хүнээс энэ сэтгэлийг нь аваад хаячихвал, ''Монгол'' гэх ''хөх толбо''-той агуу сэтгэл нь алга болчихвол, тэнгэр бурхан биднийг ''таних''-аа болино доо. Бие биеэ хайрлаж, түшигтүн.

Тав. Монголчууд бид омголон, бардам, бас өөдрөг сэтгэлтэй
Эр нь уул, толгодоо тойрч бодол ухаанаа билчээдэг. Эм нь тулгаа тойрч ахуй амьдралаа амжуулдаг монголчуудын нүүдэлчин амьдрал нь зоргоороо омголон, биеэ даасан, илүү сайхан руу тэмүүлдэг сэтгэлийн үндэс гэмтэй. Усны тунгалаг, билчээрийн сөмийг даган, байрлалаа сэлгэж амьдардаг амьдрал нь хэдэн малаасаа илүүтэй, хөрш саахалт айлаасаа илүүтэй сайхан амьдрах бяцхан ''атаархуу'' хүслийн нь бас нэг илрэл. Сайн муу, сайхан муухай ямраар ч илэрдэг бай энэ зөн совин нь, баригдмал суурин хувь заяатайгаа эвлэрдэг олон орны иргэдээс ч илүүтэйгээр, илүү сайхан амьдрал руу эргэж буцалгүйгээр сэлгэн нүүдэллэдэг омог бардам, өөдрөг сэтгэлийн үндэс нь юм. Монголчууд бусдаас сул дорой амьдрах дургүй. Илүү өөдрөг байгтун.

No comments: